Зайны сургалтын үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2002 оны 14
дүгээр тогтоолын 1 дүгээр
хавсралт

ЗАЙНЫ СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Үндэслэл

1.Шинэ зууны боловсролын нэг гол шинж бол нээлттэй сургалт, зайны сургалтын арга хэлбэр өргөжиж байгаа явдал мөн. Боловсролын тухай хуульд хөгжлийн шинэ нөхцөл байдлыг харгалзан боловсролын зорилгыг иргэдийнхээ бие даан сурч, амьдрах чадвартай болгоход нь үйлчлэх чиглэлээр шинэчлэн тодорхойлсон билээ. Боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас төдийлөн шалтгаалахгүйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр ашигтайгаар хангах тогтолцоо бий болгох нь чухал байна.

2.Сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжлийн сургалт, техникийн боловсрол болон дээд боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, хүүхдийн суралцах, хөгжих эрхийг тэгш боломжоор хангах, иргэдийн насан туршдаа суралцаж, мэргэжил боловсролоо дээшлүүлэх, амьдрах чадвараа хөгжүүлэхэд зайны сургалт чухал ач холбоглолтой гэдгийг иш үндэс болгож, зайны сургалтын нөөц, шинээр бий болж байгаа боломжийг тогтвортой бүтэц болгон өргөжүүлж үр өгөөжийг нь нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас Зайны сургалтын үндэсний хөтөлбөр нь Бүх Нийтийн Боловсролын үйл ажиллагааны хүрээг баталсан Дакарийн дэлхий дахины тунхаглалыг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас явуулах үйл ажиллагааны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг байх болно.

Хоёр. Зорилго

3.Энэхүү хөтөлбөрийн зорилго нь албан болон албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлж, хүн амд насан туршдаа суралцах бололцоо олгоход нь дэмжлэг үзүүлэх зайны сургалтын үндэсний тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэхэд оршиж байна.

Гурав. Зорилт

4.Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтуудаар хэрэгжүүлнэ:

4.1.Зайны сургалтын бодлогын зохицуулалт менежментийн тогтолцоог бий болгох,
4.2.Зайны сургалтын үйлчилгээ, үйл ажиллагааны механизм бүрдүүлэх,
4.3.Зайны сургалтын мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх,
4.4.Зайны сургалтын хүртээмжтэй, чанартай, үр ашигтай мэдээлэл, техникийн орчин бий болгох,
4.5.Зайны сургалтын оновчтой хэлбэрийг сонгон агуулга, аргазүйг боловсруулж хэрэгжүүлэх.

Дөрөв. Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.Зайны сургалтын бодлогын зохицуулалт, менежментийн тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

5.1.Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, түүнтэй нийцүүлсэн шийдвэр гаргаж, дэд хөтөлбөр хэрэгжүүлэх,
5.2.Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг холбогдох яамтай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх,
5.3.Зайны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур, үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх,
5.4.Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хувийн хөрөнгө оруулалт, хандив, дотоодын эх үүсвэр, нөөц боломжийг ашиглан дэмжлэг үзүүлэх,
5.5.Зайны сургалтын мэдээллийн сан бий болгон ашиглах,
5.6.Хөтөлбөрийн хэрэгжилтийн үе шатны явц, үр дүнг харгалзан хөтөлбөрт зохих тодотгол хийж, цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох,
5.7.Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжүүлэхэд төрийн захиргааны бүх шатны байгууллага, олон улсын мэргэлийн төрөлжсөн байгууллага, хандивлагч орон, төрийн бус байгууллага, сонирхлын бүлэг, иргэдийн өргөн түншлэлийг бий болгох, оролцоог нэмэгдүүлэх.

6.Зайны сургалтын үйлчилгээ, үйл ажиллагааны механизм бүрдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

6.1.Зайны сургалтыг стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хянах, үнэлэх, Засгийн газарт тайлагнах үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хэрэгжүүлэх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ахлуулсан төрийн болон мэргэжлийн, бизнесийн, төрийн бус байгууллага, иргэд, хандивлагчдын төлөөллөөс бүрдсэн зөвлөх үүрэгтэй зайны сургалтын зөвлөлийг бий болгон ажиллуулах,
6.2.Үндэсний түвшинд зайны сургалтын хэрэгцээ, хүртээмжийн судалгаа хийх, мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, удирдлагаар хангах, үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулга, арга зүйг боловсруулах чиг үүргийг мэргэжил, арга зүйн байгууллага, төслийн багийн оролцоотойгоор хэрэгжүүлэх,
6.3.Үндэсни түвшинд зайны сургалтын мэдээллийг нэгтгэж сан бүрдүүлэх, мэргэжлийн болон арга зүйн зөвлөлгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, үр дүнг тайлагнах үүргийг албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв хариуцан гүйцэтгэх. Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Албан бус боловсролын төвийг өргөтгөх замаар байгуулж, үйл ажиллагааг нь төсвөөс санхүүжүүлэх,
6.4.Хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд удирдлагаар хангах үүргийг аймаг, нийслэлийн Засаг даргаар удирдуулсан зайны сургалтын зөвлөл хариуцах. Орон нутгийн түвшинд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах чиг үүргийг мэргэжил, арга зүйн байгууллагын оролцоотойгоор аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын төв гүйцэтгэх,

6.5.Нутаг дэвсгэрийн түвшинд зайны сургалтын үйлчилгээг бүх шатны боловсролын байгууллага хариуцан зохион байгуулах,

7.Зайны сургалтын мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
7.1.Зайны сургалтын чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчний өнөөгийн байдалд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах,
7.2.Зайны сургалтын мэргэжилтэн бэлтгэх олон хувилбартай сургалтын төлөвлөгөө, агуулга, стандарт боловсруулан хэрэгжүүлэх,
7.3.Мэргэжлийн байгууллага, төслийн багийн нөөц бололцоонд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх, тэдний мэргэшлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, түр болон богино хугацааны сургалтыг зохион байгуулах,
7.4.Зайны сургалтын чиглэлээр зохиогдож байгаа олон улсын хурал, сургалт, семинарт зайны сургалтын мэргэжилтэн, арга зүйчдийг оролцуулах,
7.5.Зайны сургалтын чиглэлээр олон улсын, үндэсний түвшний сургалт, семинарыг зохион байгуулах,
7.6.Өндөр хөгжилтэй оронд зайны сургалтын үндэсний боловсон хүчин бэлтгэх бодлогыг дэмжин хэрэгжүүлэх.

8.Зайны сургалтын хүртээмжтэй, чанартай, үр ашигтай мэдээлэл, техникийн орчин бий болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

8.1.Монгол Улсад бий болсон зайны сургалтын мэдээлэл, техникийн орчин, түүний ашиглалтад үнэлгээ өгч, дүгнэлт гаргах,
8.2.Радио, телевизийн нэвтрүүлгийн программд сургалтын цаг гаргаж, зардлыг төрөөс санхүүжүүлэх, цаашид боловсролын бие даасан сувагтай болох асуудлыг судалж шийдвэрлэх,
8.3.Төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын зайны сургалтын хэвлэмэл болон аудио, видео материал бэлтгэх, теле хичээл явуулах, вэб сайт нээх, техникийн чадавхийг үе шаттайгаар сайжруулах,
8.4.Бүх түвшний боловсролын байгууллагыг үндэсний мэдээлэл харилцааны тогтолцоо, интернетийн сүлжээнд холбогдох техникийн боломжийг өргөжүүлэх,
8.5.Зайны сургалтын хэрэглэгдэхүүнийг сонирхогч хүнд хүргэх, ашиглах боломж бүхий тогтолцоо бүрдүүлэх,
8.6.Зайны сургалтын мэдээлэл, техникийн орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, бэлтгэхэд хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, сонирхлын бүлгүүдийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

9.Зайны сургалтын оновчтой хэлбэрийг сонгон агуулга, арга зүйг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтын хүрээний үйл ажиллагаа:
9.1.Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг гэр бүлд түшиглэж хөгжүүлэн сургуульд бэлтгэх зайны сургалтын агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх,
9.2.Сургуульд суралцах боломжгүй бичиг үсэг үл мэдэх хүүхдийг бичиг үсэгт тайлах, боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах сургагч багш нарт зориулсан зайны сургалтын агуулга, арга зүйг боловсруулан ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх,
9.3.Мэргэжлийн байгууллагатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагч, бүх шатны суралцагч, иргэдэд зориулсан Англи хэлний зайны сургалтын агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх,
9.4.Багш болон боловсролын удирдах ажилтныг давтан бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх зайны сургалтын агуулга, арга зүйг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагааг хүртээмжтэй, тасралтгүй, тогтвортой болгох,
9.5.Албан бус боловсрол, хүүхэд залуучуудыг ажилд сургах, амьдралд бэлтгэх болон техник мэргэжлийн сургалтыг зайны сургалтаар явуулах хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх,
9.6.Дээд боловсролын сургалтад зайны сургалтын арга, технологийг нэвтрүүлэх, зайны сургалтын оновчтой хэлбэрийг хөгжүүлэх,
9.7.Хувийн хэвшлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан зайны сургалтын агуулга, арга зүйг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх замаар мэргэжилтэн, ажилчдын мэдлэг, чадавхийг бэхжүүлэх,
9.8.Албан бус тасралтгүй боловсролын хүрээнд эрүүл мэнд, экологи, эрхзүй, гэр бүл зэрэг бүх нийтийн боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэх зайны сургалтын агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх.
9.9.Компьютер, интернет, интернет ашиглан явуулах сургалтын агуулга, арга хэлбэрийг тогтоох, программ хангамжийн нэгдсэн тогтолцоо, сүлжээ бий болгох.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам

10.Хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараахь зарчим, арга замыг ашиглана.

10.1.Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах,
10.2.Төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, иргэд, хандивлагчдыг зайны сургалтыг хөгжүүлэхэд оролцох боломжоор хангах, хөрөнгө, хүчийг зохистой хуваарилах, түншлэлийг бэхжүүлэх,
10.3.Зайны сургалтын хүрсэн түвшинг хадгалж олон хувилбартай, уян хатан, нээлттэй, онцлог байдлаа харгалзах,
10.4.Зайны сургалтын агуулга, стандартын түвшинг тухайн боловсролын стандарт түвшингээс бууруулахгүй байх,
10.5.Зайны сургалтыг зохион байгуулахдаа иргэдийн хэрэгцээ, сонирхлыг харгалзан, чөлөөт байдлыг хангаж, сурах чадварыг нь хөгжүүлэхэд чиглүүлэх,
10.6.Албан болон албан бус боловсролын нэгдлийг хангах, хүртээмж, чанар үр ашгийг дээшлүүлэх,
10.7.Зайны сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах олон эх үүсвэрийг бий болгох,
10.8.Зайны сургалтад мэдээлэл, харилцааны дэвшилтэт технологи ашиглах.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

11.Энэхүү хөтөлбөрийг 2002-2010 онд дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Эхний үе шат: 2002-2003 он
Дунд үе шат: 2004-2007 он
Төгсгөлийн үе шат: 2008-2010 он

Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт

12.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дор дурдсан эх үүсвэрийг ашиглана:
12.1.Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв
12.2.Олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, буцалтгүй тусламж,
12.3.Мэргэжил дээшлүүлэх суралцагчийн сургалтын төлбөр,
12.4.Үйлчилгээний төлбөр,
12.5.Аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, олон нийтийн хандив, тусламж

Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

13.Хөтөлбөрийн үр дүнг үнэлэхдээ дараахь шалгуурыг ашиглана:

13.1.Үндэсний түвшинд зайны сургалтын тогтолцоо бүрдэж, боловсон хүчний нөөцтэй болсон байдал,
13.2.Мэдээлэл, харилцаа, холбооны шинэ технологийг боловсролын байгууллагуудад нэвтрүүлсэн байдал,
13.3.Багш болон бусад боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх зайны сургалтын тогтолцоо бүрдсэн байдал,
13.4.Ерөнхий боловсролын сургуульд зориулсан зайны сургалтын нгэмэлт хөтөлбөр боловсруулсан байдал,
13.5.Ерөнхий боловсрол, их сургууль, коллежийн оюутан, сурагчдад зориулсан Англи хэлний болон тэдгээрийн сонирхол, хэрэгцээ, зах зээлийн шаардлагад нийцсэн зайны сургалтын сүлжээ бүрдүүлсэн байдал,
13.6.Албан болон албан бус боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд үзүүлсэн нөлөө, зайны сургалтын үйл ажиллагааны үр дүн,
13.7.Зайны сургалтад хувийн хэвшил болон мэргэжлийн байгууллагын сонирхол, оролцоог нэмэгдүүлсэн байдал.

14.Хөтөлбөрийн үр дүнг хэмжих үзүүлэлт:
14.1.Багш нарын 60 хувийн мэргэжлийг зайны сургалтаар дээшлүүлдэг болсон байх,
14.2.Сургуулийн өмнөх насны хөдөөгийн хүүхдийн 35-аас доошгүй хувийг гэр бүлд түшиглэсэн зайны сургалтаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж сургуульд бэлтгэдэг болсон байх,
14.3.Албан бус боловсрол, зайны сургалтыг үндэсний төвийн үйл ажиллагааг тогтмолжуулсан байх,
14.4.Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын төвийг 2004 он гэхэд зайны сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангаж, орон нутагт зайны сургалт явуулах боломж бүрдүүлсэн байх,
14.5.Ерөнхий боловсролын сургуульд зориулсан Англи хэлний зайны сургалтын нэмэлт хөтөлбөрийг боловсруулж мөрдсөн байх.

Ёс. Бусад

15.1.Зайны сургалтын хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа бүрд үн дүнг үнэлэх шалгуур, хүрэх түвшинг жил бүрийн эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам боловсруулж мөрдөнө.
15.2.Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт тайлагнана.