Е-Нээлттэй Институтийн Түүх

   Манай улсад ерээд оны дундуур орчин үеийн интернетийн технологи анх орж ирснээр байгууллагын төрөлжсөн болоод улсын хэмжээний нэгдсэн сүлжээ байгуулах эхлэл тавигдсан билээ. Үүнтэй уялдаж тодорхой боловсрол эзэмшсэн хүмүүст компьютерийн мэдлэг олгох, бүх шатны сургалтанд компьютерын техник нэвтрүүлэх, мэдээллийн технологийн хичээл заах, улсын хэмжээнд үйл ажиллагаандаа тооцоолох техникийг өргөн ашигладаг болох, холбогдох програм хангамжийг боловсруулах ажил өрнөсөн юм. Энэхүү улсын хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд манай их сургуулийн бүрэлдэхүүний Компьютерийн техник менежментийн сургууль (КТМС), Холбоо мэдээллийн сургууль (ХМС) тус тус томоохон үүрэг гүйцэтгэсний дотор системийн програм хангамж боловсруулах, байгууллагын дотоод ба системийн түвшний сүлжээ байгуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, гадаад орнуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны ололт амжилт, тэргүүн туршлагаас суралцаж, их сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг олон чиглэлийн ажлыг ректор Д.Бадарчийн удирдлагын дор мэргэжлийн баг амжилттай гүйцэтгэж ажилласнаар тодорхой хүрсэн үр дүнгийн нэг тод илрэл бол ирээдүйн нээлттэй судалгааны Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн үндэс суурь болсон Е-Нээлттэй сургуулийг 2010 онд БСШУ-ны Сайдын 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 183 тоот тушаалын 6 дугаар зүйлд заасны дагуу дотоодын их сургууль, коллежийн зайн сургалтыг хариуцуулахаар ШУТИС-ийн бүрэлдэхүүнд байгуулсан явдал юм.

   Их сургуулийн дотоод сүлжээг 1995 онд Япон улсын Жайка (JAICA) олон улсын байгууллагын тусламжтайгаар Компьютерийн сүлжээний төвийг байгуулж, тус төвд шинжээч мэргэжилтэн Мекури, сайн дурын байгууллагын гишүүн Ацуши, сүлжээний инженер Я.Дашдорж, Н.Соронзонболд нар ажиллаж байв. 1996 онд их сургуулийн сүлжээг өргөтгөн бүрэлдэхүүн сургуулиуд, тэнхимүүд, эрдэм шинжилгээний төвүүд, сургалтын лабораториудыг холбожээ. Монгол улсад анх Интернэтийн үйлчилгээ явуулж эхэлсэн Датаком компанитай хамтран их сургуулийн сүлжээг утасгүй технологи ашиглан холболт хийж, уг сүлжээнд е-майл сервер, вэб сервер байрлуулан, багш, эрдэм шинжилгээний ажилтан бүрд е-майл хаяг олгож, их сургуулийн анхны вэб хуудсыг ашиглалтанд оруулсан байна. 2000-2001 онд Компьютерийн сүлжээ, Интернет төвийн захирлаар Я.Дашдорж, инженерээр Д.Даваатулга, Б.Мягмарсүрэн нар ажиллаж байсан байна. 2002 онд энэхүү төвийг Интернэт мэдээллийн төв болгон өргөжүүлж эрхлэгчээр Р.Төрбат, сүлжээний инженерээр Т.Одхүү, их сургуулийн удирдлагын мэдээллийн “UNIMIS” систем хариуцсан ахлах мэргэжилтэн, програмистуудыг ажиллуулахаар болжээ. Тэр үед сүлжээний дэд бүтэц, хурд 10 Mbps тархалттай радио модемоор гадаад сүлжээнд холбогдсон, дотоод сүлжээ нь Proxy серверээр хуваарилагдсан байсан тул вэб хандалтат програм хангамжийн ачаалал, хэрэглэгчдийн хандалтанд хүрэлцэхгүй болж ирсэн. Иймд сүлжээний топологи, хурдыг эрс сайжрууулах зайлшгүй шаардлага гарсан тул Монголын их, дээд сургуулиудаас анх удаа гадаад болон дотоод сүлжээний холболтыг 1 Gbps хурд бүхий 12 core бүхий шилэн кабелийн холболтоор сольж шинэчилсэн анхны их сургууль болж байв. 2007 онд Интернэт мэдээллийн төвийг тестийн төвтэй нэгтгэн Мэдээллийн технологийн төв (захирал Р.Төрбат) болгон өөрчилжээ.

   ШУТИС-ийн Ректорын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 28 тоот тушаалаар Мэдээллийн технологийн төв, ICT заах арга зүйн төвийг нэгтгэн өргөтгөж Е-Нээлттэй сургуулийг байгуулан орчин үеийн зайн сургалтыг их сургуулийн сургалтын үндсэн нэг хэлбэр болгон хөгжүүлж нэвтрүүлэх үүргийг Сургалтын проректор Я.Наранцэцэгт хүлээлгэн тус сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгүүлж, дэд захирлаар Р.Төрбатыг томилон ажиллуулжээ. Е-Нээлттэй сургуулийн анхны бүрэлдэхүүнд: е-Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алимаа, сүлжээний инженер Т.Одхүү, ахлах програмист Ц.Түвшинтөгс, програмистууд Э.Амар, С.Амарсанаа, Л.Доржпагма, Т.Бямбацогт, Э.Баттуяа, засварын инженер Н.Хүнбиш, мэргэжилтэн Ч.Пүрэв, сургалтын мастер Н.Мөнх-Эрдэнэ нар ажиллаж байжээ. 2012 оноос Е-Нээлттэй сургуулийн захирлаар Р.Төрбат ажилласан байна. 2014 он ШУТИС-ийн Удирдах зөвлөлын шийдвэрээр Е-Нээлттэй институт болон өргөжсөн ба захирлаар доктор профессор Я.Наранцэцэг томилогдсон.